Сайн байцгаана уу? Хэн нэгэнд сэрэмжлүүлэг, магадгүй хэн нэгэнд тус болох болов уу гээд өөрийнхөө бяцхан түүхийг бичлээ…
Багаасаа л 2 чих маань хэнгэрэг цоорхой оноштой байсан. Зүгээр сонсдог байсан болохоор заавал хэнгэрэг нөхүүлэх шаардлагагүй гэж бодож эмч нарын зөвлөгөөг огт тоодоггүй байсандаа би одоо болтол харамсдаг. Ингээд л би гэдэг хүн ганцхан жилийн дотор огт сонсголгүй болсон. Тэр хугацаанд 2 чихний хэнгэрэг нөхөх хагалгаанд орсон ч хэдийн оройтсон байсан тул олдмол сонсголын огцом бууралт оноштойгоор таг дүлий болсондоо .
Сонсгол буурсан 1 жил огт сонсохгүй байсан 1 сар миний амьдарлын хамгийн урт хугацаа байсандаа. Өөртөө итгэлгүй болоод мөн хүнтэй харилцах ямар ч сонирхолгүй, найз нөхөдтэйгээ ч уулзахаа ч больж зожиг ууртай нэгэн болсон байлаа.
Би нэгэн арилжааны банкинд харилцааны ажил хийдэг. Харилцагчийн үгийг буруу сонсоно, загнуулна. Өрөөгөө түгжээд уйлах ч үе байдаг байсан . За тэгээд хүсэн хүлээсэн өдөр маань болж хагалгаандаа орлоо. Мэс засал маш амжилттай болж сарын дараа тохиргоо хийлгээд дахин чимээ сонсох үнэхээр гайхамшигтай байсан. Гэхдээ мэдээж өөрийн төрөлх сонсголыг гүйцэхгүй ч орчны чимээ, хүүхдүүдийнхээ дууг дахин сонсох сайхан байсан. Ингээд удалгүй ажилдаа орлоо. Мэдээж бага сага асуудал тулгарна. Олон хүнтэй газар сонсох маш хэцүү, хүмүүс надад зориулж чангаар ярих нь төвөгтэй санагддаг ч хүний дэргэд ажлынхныхаа дэргэд муу сонсдог гэдгээ аль болох мэдэгдүүлэхгүйн тулд их хичээдэг байсандаа. Тэр үеийн хамт олондоо маш их баярлаж явдаг. Намайг ойлгож, надтай ярилцахын тулд ойлгохгүй зүйлийг минь дахин тайлбарлаж, надаас төвөгшөөж байгаагүйд баярлаж хайрлаж явдагдаа. Мөн миний хажууд ээж минь хань минь найзууд минь байнга түшиж тулж тэр хүнд үеийг давж гарсан. Мэдээж дунгийн суулгацаар дамжуулан сонсож байгаа болохоор дасан зохицоход хугацаа тэвчээр их шаарддаг юм билээ . Тэр үеээс хойш 3 жил өнгөрчээ. Одоо бол дуртай дуугаа сонсчихно, ажлаа ч хийгээд сайхан л амьдарч байна. Ирэх зунаас нөгөө талдаа ч бас суулгац хийлгэх зорилготой байгаа. Эцэст нь хэлэхэд хүний хамгийн эрхэм зүйл бол эрүүл мэнд. Хайртай хүмүүсийнхээ төлөө хариуцлагатайгаар өөртөө анхаарч байгаарай гэж та бүхэндээ сануулъя даа. Та бүхэнд мөн хайрладаг бүхэнд тань эрүүл байхын жаргалыг хүсье.
тийм шүү дунгийн суулгацын хагалгаа бол олдмол болон төрөлхийн сонсголгүй хүмүүсийн хувьд орчлон хорвоо хайртай хүмүүсийнхээ дуу хоолойг сонсох эцсийн боломж.сонсголгүй амьдрана гэдэг үнэхээр амьдын там юм билээ.харин энэ зовж зүдэрсэн хүмүүст аз жаргал итгэл найдварыг нь буцааж өгч сонсголтой болгож байгаа AID эмнэлгийн эмч нараараа үргэлж бахархаж явдаг шүү.