Би сонсож байна

By December 17, 2018 Uncategorized @mn

Би Сонсож Байна.

Юу байцгаана залуусаа? Намайг Магнай гэдэг 29 настай. Улаанбаатар хотод амьдардаг. Та бүхэнд өөрийн амьдралд тохиолдсон багахан зүйлийг хуваалцъя. Бичиж, ярилцсан бүхэн маань хэн нэгэнд итгэл найдварыг өгч, урам зоригоор дүүрэн алхах тэр боломж бололцоог олгоосой гэж найдаж байна. Ингээд эхлэе.

Сонсгол ҮГҮЙ

Миний бие нисэхийн салбарт ажилдаг байв. Тогтсон цагийн хувиаргүй, ээлжийн цагаар ажиллана. Заримдаа шөнө 3 цагт босож ажилдаа явна. Гэртээ шөнө 11 цагт, заримдаа 2, 3  цагт ирнэ. Үнэндээ ажилдаа дуртай байсан болохоор өөрийгөө ядарч байгааг нэг их тоодоггүй байв. Ажил дээрээ өдөржин хүмүүстэй харилцаж, утсаар ярьж, холбоогоор харилцана. Ажил ->Гэр, Гэр ->Ажил гэсэн маршруутаар удаан явсны эцэст миний бие хүндээр өвдөж, удаан хугацааны эмчилгээнд хамрагдах шаардлагатай болов. Энэ мөчөөс л Сонсгол ҮГҮЙ гэдэг үгийг тодруулмаар. Тухайн үеийн миний биеийн байдалд тохирч буй эм тариа, эмчилгээ маань хүний сонсголд муугаар нөлөөлөх найрлагатай байв. Хэрэглэхээс өөр зам ч байсангүй. Эмчилгээ эхэлснээс 2-3 сарын дараа эхлээд баруун, дараа нь зүүн чихний сонсгол буурч эхлэв. Энэ үед чанга чимээ сонсох хэдий ч яг юу сонсоод байгаагаа ойлгохгүй паник болно. Дахиад 2-3 сарын дараа өөрийн чихээрээ ямарч чимээ сонсохоо болив. Гэхдээ зөвхөн гаднах чимээ, харилцаа, яриаг. Харин дотор талд чих шуугих, бас бус чимээнүүд эгшиглэсээр л… Ингээд эмчилгээ эхэлснээс 8 сарын дараа хоёр чихэндээ сонсголын аппарат зүүв. Өө воав. Гаднах чимээ бага ч болов орж ирж байна. Гадаа суухад шувуу жиргэх, салхи сэржигнэхийг сонслоо. Гэхдээ л гэрийнхэнтэйгээ болон найз нөхөдтэйгөө харилцахад маш хүндрэлтэй байсан. Зүйрлүүлж хэлвэл Тэд маань дэлхий дээр, Би саран дээр байгаа ч юм шиг. Надтай харилцахдаа аль болох л амаараа харилцахыг хичээдэг байлаа. Энэ үед амны хайрцаг унших хүндхэн даалгавартай тулав. Энэ хүн юу яриад байна вэ? ямар үг хэлээд байна вэ? гэж бодсоор өдрийн тал өнгөрдөг байсан тул бага зэрэг ядрана. Ингээд эмчийн заалт “Дунгийн суулгац суулгах шаардлагатай” гэж миний дэвтэрт бичигдэв.

Сонсголын ЭРЭЛД

Дунгийн суулгацын хагалгаанд орхын тулд хийгдэж байгаа эмчилгээг дуусгасан байх шаардлагатай. Ингээд сонголын аппраттайгаа 18 сарыг үдэв. Маш хүнд үе….

Энэ хугацаанд интернэтээс чихний бүтэц, сонсгол, хор хөнөөл, эмчилгээ гэх зэргийг бүгдийг судласан. Удаан үргэлжилсэн эмчилгээ маань дуусч, Дунгийн суулгацын шийдэл, баг хамт олон, шинжилгээ, компьютор томограф гэх мэт зүйлсийн эрэлд гарлаа. Үнэндээ энэ эрэлд эцэг эх маань гарсан юм. Эхлээд Солонгос, Тайландын эмнэлэгүүдрүү бичиг баримт, шинжилгээгээ илгээж хүлээлээ. Хариу нь ирж хагалгаа хийх боломжтой хэдий ч, ирүүлсэн үнийн санал нь манай гэр бүлд хэтэрхий ахдав. Арай л гэж нэг талын чихэндээ хагалгаа хийлгэх төдий… Харин Монголд “Medel”, “Cochlear” гэсэн хоёр компаний хоёр төлөөлөгч байгааг дуулаад. Шинжилгээ, бичиг баримтаа үзүүлэв. 2 лаа боломжтой гэсэн хариу өгөв. Дахиад сонголт…

Технологи ба дизайн

Гаднах өнгө үзэмж, хэрэглэхэд хялбар, доторх суулгацын хүчин чадал зэргийг судлаад бид Австри улсын Medel компанийн суулгацыг сонгохоор шийдсэн юм.

Дуу чимээ ба шуугиан

Хагалгааны маргааш хоёр төхөөрөмжийг маань асааж тест хийв. Их сонин байсан. Би усан дотор, бусад хүмүүс гадна талд байгаа ч юм шиг, Эхний тохируулгаа хийгээд гэртээ ирэхэд хүмүүсийн үг тод биш, гэхдээ авиа нь сонсогдоно, мөн хаалга хаагдах, шургуулга нээх хаах гэх мэт эргэн тойрны чимээ чих дөжрөм гэж хэлмээр их хатуу санагдаж билээ.

Одоо харин тэр өдрүүдээс хойш 25-30  удаа тохируулга хийлгэж, 2 жилийг ардаа үлдээсний дараа гэрийнхэнтэй чөлөөтэй харилцаж, хүмүүстэй утсаар ярьж, дэлгүүр захаас хоол хүнсээ худалдан авч, жаргах нарны дор аяга кофе уусан шээг сууна даа.

Таны зүгээс бусдад юу гэж зөвлөмөөр байна?

Чихэвчний хөгжим бага зүүгээрэй. Зүүсэн ч чанга биш тодорхой бага хугацаанд зүүж суралцвал таны сонсголд муугаар нөлөөлөхгүй.  Мөн аль болох байгальд цагийг өнгөрөөж байгалийн чимээг сонсовол таны сонсгол сайжирна.

Магадгүй бидний амьдарч буй нийгэм, орчин маань хэт их чимээтэй мэт санагддаг болохоор бид чихэвч зүүдэг биз.

Сэтгэгдэл